Баруун аймгуудад хийсэн томилолтын хүрээнд Ерөнхий сайд ямар асуудлыг шийдвэрлэв?

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-03-26 23:22:44

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 23-25-ны өдрүүдэд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн баруун 4 аймагт ажиллалаа. Тэрбээр томилолтынхоо төгсгөлд хэвлэлийнхэнд хандаж, томилолтын үр дүнгээр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, "Манай Засгийн газрын гол барьж байгаа бодлого бол ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонсох явдал юм. Энэ нь тухайн орон нутагт юу шаардлагатай вэ гэдгийг оновчтой тодорхойлох боломжийг олгодог сайн талтай. Миний бие ажил авснаасаа хойш 11 дэх аймагтаа ажиллаж байна. Ард иргэд уулзалт болгон дээр эдийн засаг хүнд байгаа учраас ахуй амьдрал хүндхэн байна. Үүнийг хурдан шийдвэрлээч гэж байна.Засгийн газар бүхий л хүч бололцоогоо дайчилж ажиллана гэдгээ хэлье.

Орон нутгийн иргэдийн голчлон тавьж буй саналуудыг харгалзвал эрүүл аюулгүй тухтай орчинд амьдрах хэд хэдэн нөхцлийн тухай байлаа. Эрчим хүч, дулаан хангамжийн асуудал, ундны усны эрүүл ахуй, боловсролын чанарын тухай байлаа. Ажлын хэсгийнхэн зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлээд явлаа. Харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагатай танилцахад бараг аймаг бүрт МСҮТ байна. Байгаа тоног төхөөөрөмж, сургалтын бааздаа тохируулж хэдхэн төрлийн мэргэжилтнүүд бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, сургалтын төвүүд бүгд ижил мэргэжилтэн бэлтгэж байна. Зах зээл дээр мэргэжилтнүүд нь хангагдчихаад байхад дахин дахин төгсгөж гаргаад байна гэдэг нь өөрөө сургалтын бодлого алдаатай байгаагийнх. Тиймээс цаашдаа нэгдсэн зохион байгууулалтад оруулж ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж гаргах вэ гэдгийг төрөлжүүлэх ёстой. Үүнийг анхаарч ажиллана.

Баруун аймгуудад дулаан, цахилгаан эрчим хүчний асуудалтай холбоотой хүндрэлүүд байдаг. Олон нам даралтын зуух ажиллаж байгаагаас агаарын бохирдол ихэссэн байна. Тэгэхээр Засгийн газар станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд анхаарч ажиллах шаардлагатай байна. Ингэж гэмээнэ баруун бүсийн эрчим хүчийг бүрэн хангана. Өвөрхангай, Баянхонгорын дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах ёстой. Олон жил яригдаж байна. Үүн дээр тухайлан анхаарна гэж бодож байна. Өвөлжилт хаваржилт хүндэрч байгаа аймгуудад болон бүх орон нутаг руугаа өвөлжилт эхлэхээс нь аваад одоо ч чиглэл өгч анхаарлаа хандуулж байна. Гэхдээ өнөөдрийн гэнэтийн цаг агаарын байдлаас үүссэн хүндрэл жишээ нь Өвөрхангай аймагт өвс тэжээлийн хангалтыг улсын нөөцөөс гаргуулахаар шийдвэрт хүргэж байна" гэв.

Баруун 4 аймагт ерөнхий сайдын шийдвэрлэсэн томоохон асуудлууд:

Ховд аймагт

-  64 мегаваттын хүчин чадалтай 260 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтөй Усан цахилгаан станцыг Эрдэнэбүрэн суманд барихаар шийдвэрлэлээ

-  Ховд Баян-Өлгий чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замыг барьж энэ онд багтаан ашиглалтанд оруулахад засгийн газраас анхаарлаа хандуулна /Санхүүжилт АХБ-аас/

-  Баруун бүсийн оношилгооны төвийн барилгыг шинэчилнэ 

-  Хүн эмнэлгийн үйлчилгээнд ашиглагдах зорилгоор УАЗ фургон автомашин өгөв

Говь-Алтай аймагт:

-  Тайшир сумаас Алтай сум хүртэлх 46 км газарт ундны цэвэр усны ган хоолойг татна Автрийн хөрөнгө оруулалтаар /14 сая евро/

-  Говь-Алтай Баянхонгорын чиглэлийн 263 км хатуу хучилттай автозамыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулна

Баянхонгор аймагт:

-  Дулааны цахилгаан станц барина. БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр 2018 онд ашиглалтанд оруулна

-  “Ажилсаг төв”-ийн барилгын ажлын санхүүжилт 540 сая төгрөг Улсын төсөвт суулгасан Ашиглалтанд орвол шинээр 500 гаруй хүнийг ажлын байраар хангана

-  Музейн барилгыг шинээр барина

-  Эмнэлэгт фургон автомашин өглөө

Өвөрхангай аймагт:

-  Өвөрхангай, Баянхонгор аймгийн дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулна

-  300 тонн өвсийг үнэ төлбөргүйгээр, 500 тонн тэжээлийг 50 хувийн үнийн хөнгөлөлтөөр олгоно

-  Эмнэлэгт фургон автомашин, 22 нэр төрлийн 193 ширхэг 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий  тоног төхөөрөмж олголоо.

Холбоотой мэдээ