Г.Батжаргал: Ирэх жилүүдэд Баянхонгорчууд аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-03-25 16:56:55

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай тус аймагт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ойрын 2-3 өдөр танай аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орлоо. Саяны цас хаваржилтад хэр нөлөөлж байна вэ?

-Энэ сарын 21-23-ны өдөр Баянхонгор аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орлоо. Говь тал хээрээр 12 см, зарим сумын нутгаар 26  см хүртэл, аймгийн төв орчимд 40 см хүртэлх цасан бүрхүүл тогтоод байна. Гэхдээ өвөл өнтэй болж өнгөрсөн, мал тарга сайн авсан учраас 2-3 хоногийн хүндрэлийг ажрахгүй давлаа гэж малчид ярьж байна. Энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс аймгийн нутаг дэвсгэрт цаг агаар нэмэх хэмд шилжиж байна. Улмаар зуншлага сайхан болох, мал эрт ногоо идэх нөхцөл бүрдлээ. 

-Цасны улмаас зам хаагдаад байгаа сураг байсан?

-Цасны зузаан маш их байгаа учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ихээхэн саад учруулж байна. Иймээс Улсын онцгой комиссоос гурав хоног зам хаасан. Мөн Засаг даргын захирамжаар хоёр хоног зам хаасан. Өнөөдрөөс замаа нээж байна. Гэхдээ л Өвөрхангайн чиглэлд цас их орсон учир зам даваанд цасны нөлөө арилаагүй байна.

-Сүүлийн жилд аймгийн төвд агаарын бохирдол ихэссэн гэж иргэд ярьж байна. Утаанаас хэрхэн салах гэж байна вэ?

-Манай аймгийн хамгийн тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлын нэг нь утаа. Иймд нэн тэргүүнд Баянхонгор аймагт Дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулах шаардлагатай. Энэ тухайгаа Эрчим хүчний сайд П.Ганхүүд өчигдөр уламжиллаа. БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих барилгын ажлыг одооноос эхлүүлэх, улмаар 2018 онд ашиглалтад оруулж өгөөч гэсэн хүсэлтээ тавьлаа. Энэ чиглэлд яам, ЗДТГ-ынхан эрчимтэй хамтарч ажиллахаар тохирлоо.

-Засгийн газраас ойрын үед Үйлдвэржилтийн бодлогыг батлан гаргах гэж байна. Танай аймаг энэхүү бодлогод ямар санал оруулах гэж байна вэ?

-Манай аймаг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой болгох зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Бид нийт сумаасаа судалгаа аваад хаана нь ямар үйлдвэр барих вэ гэсэн нэгдсэн судалгааг хийсэн.

-Одоогийн байдлаар танай аймагт хичнээн жижиг дунд үйлдвэр ажиллаж байна вэ?

-Аймгийн хэмжээнд 940 орчим жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 700 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа нь явуулдаг. Өөрийн ажлын байртай 300 гаруй аж ахуй нэгж байна. Үлдсэн хэсэг нь түрээсийн байранд ажлаа явуулж байна. Хэрэв “Ажилсаг төв”-ийн барилга бүрэн ашиглалтад орвол ажлын байргүй аж ахуйн нэгжүүд байраар хангагдах бололцоотой.

-Ерөнхий сайд томилолтынхоо явцад “Ажилсаг төв”-ийн байгууламжаар орлоо. Аймагтаа бол томоохон байгууламж байх юм. Яагаад ашиглахгүй байгаа юм бол?

-2011 онд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачилгаар энэ ажлыг эхлүүлсэн. Үлдэгдэл санхүүжилтийг өмнөх Засгийн газар шийдвэрлэж өгөөгүйгээс зогсонги байдалтай байна. Энэ жил улсын төсөвт 540 сая төгрөгийн эх үүсвэр суулгаж өгсөн. Ашиглалтад орвол 500 гаруй ажлын байр бий болно. Тойрсон талбайнуудад 4 га талбайд ажлын байр давхар бий болно.

-Цэвэрлэх байгууламжийн хувьд танай аймгийг асуудалтай байгаа гэж сонссон. Хэзээ хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-Манай аймгийн цэвэрлэх байгууламж нь механик цэвэрлэгээтэй. Химийн ямар нэгэн цэвэрлэгээ байдаггүй. Хатуу хог хаягдлыг ялгаад тунгаагуураар шингэнийг нь шууд талбайд асгаж байгаа. Тиймээс олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр саарал усны түвшинд хүртэл цэвэрлэдэг болох саналаа гаргасан. Энэхүү саналыг маант Засгийн газраас холбогдох байгууллагад нь хүргүүлээд байгаа.

Мөн аймгийн музей маш хүнд нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна. Барилга нь насжилттай, мөн хоёр тусдаа барилгатай. Тэнд Баянхонгорчуудын түүхийн өв болсон бүтээл, үзмэрүүд устах аюултай нөхцөл үүсээд байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өчигдөр манай аймагт ажиллах үеэр асуудлыг тавьсан. Ерөнхий сайд зураг төслийг яаралтай ирүүл. Шийдэж өгье гэсэн хариу өгсөнд баяртай байна. Ямар ч байсан музейн барилгатай болохоор боллоо.

-Өнөөдөр улс орны хэмжээнд эдийн засаг амаргүй байна. Танай аймаг эдийн засгаа тэлэх ямар боломж байна вэ?

-Манай аймгийн хувьд аялал жуулчлалын салбар огт хөгжөөгүй. Тус салбарыг хөгжүүлэхэд аймгийн зүгээс ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-т Аялал жуулчлал, гадаад харилцааны албыг шинээр байгуулаад ажиллаж байна. Өмнө нь бүхэл бүтэн аймгийн аялал жуулчлалын бодлогыг ганц мэргэжилтэн хариуцан ажилладаг байсан. Одоо бол алба болгоод үйл ажиллагааг нь өргөжүүлээд байна.

Б.Туул

Баянхонгор аймаг

Холбоотой мэдээ