Ойн түймрийг унтраахад туслахыг Индонез хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-21 14:44:25

МОСКВА. /RIA Novosti/. Индонез улсад гарсан их хэмжээний ойн түймрийг унтраахад наад зах нь 15 онгоц шаардлагатай байгаа бөгөөд тус улсын эрх баригчид Орос зэрэг хэд хэдэн улсаас тусламж хүсчээ. Энэ тухай Индонезын Бодлого, хуульзүй, аюулгүй байдлын сайд Лухут Панжаитан мэдээлсэн байна.

“Бороо орохын өмнө нэмж 15 онгоц илгээвэл түймрийг унтраахад ихээхэн дэм үзүүлнэ. Түймэр маш том газар нутгийг хамарсан бөгөөд цаг агаар маш хуурай, хүчтэй салхитай байна. Өнгөрсөн долоо хоногт агаараас ус цацах ажиллагаа явуулсан нь түймрийг унтрааж чадаагүй бөгөөд зөвхөн хүчийг нь сулруулсан” гэж Индонезын сайд хэлжээ.

Панжаитаны мэдэгдлээс иш татан Блүүмберг агентлагийн уламжилснаар, Индонезын эрх баригчид түймрийг унтраахад онгоцуудаа илгээхийг хэд хэдэн улсаас хүссэн байна.

Оросын Онцгой байдлын газрын хоёр онгоц ойн түймрийг унтраахад туслахаар Индонезыг зорьсон тухай урьд нь мэдээлжээ.

Одоогийн байдлаар Индонезод ойн түймрийг унтраах тус улсын түүхэн дэх томоохон ажиллагааг явуулж байгаа юм. Түүнд хэдэн арван мянган хүн, мөн агаарын 30 гаруй нэгж техник оролцож байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Индонезын Калимантан мужид илүү хүнд нөхцөл байдал үүсчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ