Африкийн өмнөд нутгийн 27 сая хүн хүнсний хомсдолд орж болзошгүй

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-21 14:30:20

ХАРАРЕ. /VOA/.  Ургац муу байгаагийн улмаас Африкийн өмнөд нутгийн 27 сая иргэн ирэх зургаан сард хоол хүнсний хомстолд орж болзошгүй байна гэж НҮБ тооцоолжээ. “Эль Нино” цаг уурын үзэгдэл хур тунадас унах болон газар тариалангийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа учраас байдал дордож магадгүй байна.

Хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн хүнсний хөтөлбөр гэсэн НҮБ-ын хоёр агентлагийн мэдэгдсэнээр, ногоо ургах үеэр ган гачиг болж, үер буусан нь Африкийн өмнөд нутагт хоол хүнсний хомстол бий болгоход нөлөөлсөн байна.

Малави, Зимбабве болон Мадагаскарт байдал хамгийн хүнд байгаа аж.

Өнгөрсөн жилийнхийг бодвол хоол хүнсний хомсдолтой хүмүүсийн тоо 13 хувиар нэмэгдсэн. Энэ бүс нутаг дахь “Эль Нино” цаг уурын үзэгдлийг урьдчилан тооцоолсон ч асуудлыг шийдэж чадахгүй гэж Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Африкийн өмнөд бүс нутгийг хариуцсан зохицуулагч Чимимба Дэвид Фири мэдэгдэв.

“Бүс нутгийн зарим хэсгээр бороо хэвийн хэмжээнээс бага орно гэж бид үзэж байгаа. Ингэснээр ургац хураалт хоёр улирал дараалан буурна. Ийм зүйл битгий болоосой гэж найдаж байгаа. Хэрвээ тэгэхгүй бол хоол хүнсний хомсдол орох хүмүүсийн тоо дахин нэмэгдэх болно” гэж тэрбээр хэлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ