НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Шу Хаолянийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-22 17:37:27

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 21-25-ны өдрүүдэд манай улсад айлчилж буй НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Шу Хаолянь-ийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлсэн дэмжлэг туслалцааг өндрөөр үнэлдэгээ илэрхийлээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болон хот төлөвлөлтийн чиглэлээр цаашид үр дүнтэй хамтран ажиллах талаар тодорхой санал бодлоо солилцов.

НҮБ-ын 2015 оны Дээд хэмжээний уулзалтаас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Орны хөтөлбөр шинээр батлагдсантай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны талаар холбогдох байгууллагуудтай ярилцах зорилгоор ноён Шу Хаолянь Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.

Холбоотой мэдээ