БОНХАЖЯ, Байгаль орчны иргэний зөвлөл хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБОНХАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран ажиллах болж, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнээ нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хүчингүйд тооцсон байна. Хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогын эрх зүйн шинэчлэл, тэдгээрийг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, хүн ба биологийн олон янз байдалд хохирол багатай төлөвлөх зэрэг асуудлыг тусгасан байна.
Салбарын сайд Н.Батцэрэг гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр, “Байгаль орчин ногоон хөгжилд хувь нэмрээ оруулдаг та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Байгаль хамгаална гэдэг бол хав дарж суухын нэр биш, зохистой ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээхийн нэр юм. Та бүхнээс агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдолд дээд зэргээр анхаарал хандуулан, хэвлэл мэдээлэл, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг хүсч байна” гэсэн бол МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнээ “Хамтран ажиллахдаа туйлын таатай байна. Бид энэ тал дээр чадах бүхнээ дайчлан ажиллах болно. Мөн бидэнд тулгамддаг нэг асуудал бол мэргэжлийн байгаль орчны аудитор бэлтгэхэд тавигддаг шаардлага юм. Та үүнд анхаарлаа хандуулж, бидэнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боломжийг бүрдүүлж өгнө үү” хэмээн хүссэн юм.
Салбарын сайд энэхүү асуудалд анхаарна гэдгээ онцлоод МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал болон гишүүдэд шинээр хэвлэгдэн гарсан “Улаан ном”, “Дархан цаазат Богд хан уул” хэмээх номыг гарын бэлэг болгов.
Б.Туул