Эмнэлгийг эрүүлжүүлэхээс салгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-24 10:30:05

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн  өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй  бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулдаг аж. Агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах  арга хэрэгсэл, эрх зүйн орчин эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд байдаггүй тул өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа тул хуулийн төслийг боловсруулжээ.

Товчдоо бол, хуулийн төсөлд архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг эмнэлгийн байгууллага бус цагдаагийн байгууллага эрүүлжүүлдэг байхаар тусгасан.

Хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн сарын 28-нд өргөн мэдүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн үүнтэй адил хуулийн төслийг өргөн барьсан юм. Иймээс өнөөдрийн хэлэлцүүлгээр эдгээр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр тогтов.

Б.Туул

Холбоотой мэдээ