Архи, согтууруулах ундаа худалддаг цэгүүдэд хяналт, шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-23 16:01:13

Улаанбаатар хотод архинаас хордсон байх магадлалтай таван хүн нас барсан хэрэг 1 сарын 16-ны өдөр гарсан. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас тушаал гаргасны дагуу аймгийн холбогдох албадаас 11 ажлын хэсэг байгуулагдан 1 сарын 16-18 өдрүүдэд сумдын архи, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл бүхий цэгүүдэд хяналт, шалгалт хийлээ.

Өвөрхангай аймагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 395 цэг байдгаас 165 нь Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг байна. Шалгалтаар 1794 шил архийг шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл худалдахыг түр хориглож битүүмжилсэн бөгөөд Чингис Голд, Найрсаг архинуудаас лабораторийн шинжилгээ хийхээд зөрчил илрээгүй байна. Чингис Голд архийг аймгийн хэмжээний бүх цэгүүдэд худалдаалдаг бол Найрсаг архи Хужирт суманд 4,  Уянга суманд 19 шил байсан аж.

Мөн 1 сарын 23-ны өдөр хүртэл БОЭТ-ийн Хүлээн авах тасаг болон Яаралтай тусламжийн тасагт хариуцлагатай жижүүр бэлэн байдалд ажилласан бөгөөд нэг дуудлага ирсэн нь тухайн иргэн архи ууснаас ходоодны шарх сэдэрсэн байжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ