Булган аймагт сүүний үнэ өсч, 1800 төгрөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-04 13:29:53

Булган аймагт сүүний үнэ өсөж 1800 төгрөг боллоо. Энэ нь идэр есийн хүйтэн эхэлж үнээ малын сүү татарсантай холбоотой биз хэмээн цагаан идээ бөөндөн авч борлуулдаг ченжүүд ярьж байна.

Тэд малчдын гар дээрээс 1200 төгрөгөөр авч цааш иргэдэд борлуулахдаа 1800 төгрөг болгон худалдаалж байна. Сүүнээс бусад төрлийн цагаан идээний үнэнд өөрчлөлт ороогүй. Харин сумдаар цагаан идээ аймгийн төвийхөөс 30-40 хувь хямд байна. 

Аймгийн төвийн цагаан идээний төвд ааруул кг нь 6000-12000 төгрөг, аарц 3000 төгрөг, шимийн архи литр нь 4000 төгрөг, 1 тогооны өрөм 8000 төгрөг, бяслаг 10000 төгрөг, цагаан тос 1 кг нь 7000 төгрөг, хайлмаг 6000 төгрөг, шар тос 1 кг нь 12000 төгрөгөөр борлуулагдаж байна. Монгол цөцгийн тос кг нь 10000 төгрөгийн үнэтэй байна.     

                                                                                                                                                                               П.Батням                

Холбоотой мэдээ