Суурингууд барьж буй Израилийг буруушаасан тогтоолыг НҮБ батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-24 15:51:47

НҮБ. /Kyodo/. Суурингууд барих ажлаа нэн даруй зогсоохыг Израилиас шаардсан агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ баталжээ. АНУ хориг тавих эрхээ ашиглаагүй байна.

Баасан гарагт АЗ санал хураалт явуулахад тус зөвлөлийн 15 гишүүн улсын 14 нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн бол АНУ санал өгөхөөс түдгэлзжээ.

Иордан голын Баруун эрэг болон бусад газарт суурингууд барьж байгааг нэн даруй зогсоохыг уг тогтоолоор дамжуулан Израилиас шаардаад, эдгээр газарт суурингууд барьж байгааг “олон улсын хуулийг зөрчсөн хэрэг” гэж тодорхойлсон байна.

2011 онд дээрхтэй адил тогтоолын төслийг батлахаар санал хураалт явуулахад АНУ хориг тавьж байсан юм.

АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Саманта Пауэр хэлэхдээ “суурингийн асуудал улам хурцадсаар байна. Энэ асуудал нь Израиль болон Палестин гэсэн хоёр улс цаашид оршин тогтноход аюул учруулж байна” гэв.

Ийм тогтоол баталсныг Израиль улс “ичгэвтэр хэрэг” гэж тодорхойлсон байна. Израилиас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч хэлэхдээ “энэ тогтоол нь террористууд, үзэн ядагчид болон хүчирхийлэгчдийн хувьд ялалт боллоо” гэжээ.

Мөн мэдэгдэлд “уг тогтоолын сөрөг нөлөөллийг арилгахын тулд манай улс Д.Трамп болон Конгресс дахь найз нөхөдтэйгөө хамтран ажиллах болно” гэсэн байна.

Харин Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас ийм тогтоол баталсныг сайшаагаад, үүнийг “суурин барих талаарх Израилийн бодлогод томоохон цохилт болно” гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ