"МН-17"-д хийсэн шалгалтын дүнд үзүүлсэн хариу үйлдлүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-14 15:13:12

АМСТЕРДАМ. /NHK/. Малайзын агаарын тээврийн нисэх онгоцыг пуужингаар харвасан этгээдийг тогтоох ажиллагаанд энэ тайлан чухал үүрэгтэй гэж АНУ-ын Аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс өчигдөр мэдэгдэв.

Олон улсын стандартын дагуу бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь 298 хүний үхэлд хариуцлага хүлээх этгээдүүдийг олох цаашдын ажиллагааны үндэс болно гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, уг осолд хариуцлага хүлээх этгээдүүдийг хуулийн өмнө авчрах хүчин чармайлт болгоныг АНУ дэмжинэ гэж мэдэгдсэн байна.

Харин Малайз мэдэгдэлдээ, шударга ёсыг эрэлхийлэх нь няцашгүй үйл мөн гэж дурджээ.

Хариуцлага хүлээх этгээдүүдэд зориулсан прокурорын үр дүнтэй механизмтай олон улсын шүүх бий болгох гэрээг байгуулахад чиглэн ажиллаж байгаа мөрдөн шалгах хамтарсан багт Малайз болон түүний түнш орнууд, тухайлбал, Нидерланд, Бельги, Украин, Австрали оролцож байна гэж Малайз мэдэгдэв.

Харин ОХУ-ын албаны хүмүүс уг тайланг эсэргүүцсэн байна.

“Бук” пуужинг үйлдвэрлэсэн “Алмаз-Антей” компанийн албаны хүмүүс өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, “нисэх онгоцонд үлдсэн ул мөрийг бид өөрсдөө шинжилсэн. Нисэх онгоцыг “Бук” пуужинд оногдсон гэдэг нь үндэслэлгүй, учир нь хуучны уг зэвсгийг ОХУ-ын арми ашиглахаа болиод удаж байна” гэж мэдэгджээ.

Осол болох үеэр Украины хүчний байрлаж байсан Донецк мужийн тосгоноос пуужинг харвасан тухай албаны хүн мөн дурдсан байна.

Энэ тайлан нэг талыг баримталсан дүгнэлт байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгджээ. Мөн тэрбээр, ОХУ-ын мөрдөн шалгалтыг уг тайланд хавсаргаагүй гэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ