Хүндийг өргөлтийн шигшээ багийнхан ААШТ-д оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-23 11:21:10

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 12-17-нд Энэтхэгийн Гандинагар хотод болно.


Энэхүү тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөх аж. Түүнчлэн олон улсын II зэрэглэлийн шүүгч О.Баярцэцэг, Б.Гантулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч О.Одгэрэл нар ажиллах нь ээ.


Монголын хүндийг өргөлтийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард шигшээ багийг шинээр бүрдүүлж, Архангай аймгийн “АРА арена”-д ААШТ-ий нэгдсэн бэлтгэлээ базаасан юм. Тэгвэл шинэ бүрэлдэхүүнтэй шигшээ багийнхан анхныхаа олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа нь энэ бөгөөд анхны тэмцээн нь ААШТ боллоо. Түүнчлэн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Март анхныхаа тэмцээнд тамирчдаа удирдан оролцоно.



Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчдад МҮОХ-ноос иж бүрэн, цүнх, хэрэгсэл гардуулсан байна. Тамирчин ирэх сарын 12-нд Энэтхэг улсын зүг хүлгийн жолоо зална.







Холбоотой мэдээ