“Дүнжингарав-2026” хаврын морин уралдааны тов гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-21 10:53:08

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг ирэх сарын 1-нд Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулна.


Тус уралдааныг их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар явуулахаар төлөвлөжээ. Гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морьдыг 20 сая төгрөгөөр байлах бол аман хүзүү 10, айрагдсан хүлгийг 4-8 сая төгрөгөөр шагнана. Мөн 6-10 дугаар байр 1.0 сая, 11-20 дугаар байрыг 0.5 сая төгрөгөөр мялаах аж. 


Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д “Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэлх бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулна” гэж заасныг үндэслэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар аймаг, салбар холбоодоос ирүүлсэн “Улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай” саналуудыг хэлэлцэн бүсийн хурдан морины уралдааныг дараах аймгуудад 2026 оны долоодугаар сарын 24-26-д зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ.


Тодруулбал, Говийн бүсийн уралдааныг Дундговьд, зүүн бүсийг Сүхбаатарт, баруун бүсийг Завхан, төвийн бүсийг Сэлэнгэ аймагт зохион байгуулна. Тиймээс дээрх хуулийн заалт болон бүсийн уралдаануудын зохион байгуулалтын хүрээнд ММСУХ-ны “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй гэдгийг онцоллоо. 

Холбоотой мэдээ