ДОРНОД: Аймгийн хэмжээнд 3629 ААН-ийг тооллогод хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-16 17:25:05

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Статистикийн тухай хуулийн дагуу таван жил тутамд зохион байгуулдаг ААНБ-ын улсын тооллого өнөөдөр эхэллээ.


Ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тооллогод Дорнод аймгийн хэмжээнд 3629 ААН-ийг хамруулна гэж Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Аймгийн Засаг даргын 120 дугаар захирамжаар тооллогын комиссыг байгуулсан байна. Статистикийн хэлтсийн мэргэжилтэн М.Төмөрчимэг, “Энэ тооллогод төрийн болон ААНБ, ТББ, хувьцаат компани, ОНӨҮГ-ууд зэрэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, түр болон бүрэн зогссон, Х тайлантай бүх ААН-ийг хамруулна” гэв.


Дээрх тооллогыг зохион байгуулснаар ААНБ-ын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, эрхэлж буй үйл ажиллагааны байршил чиглэл, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, Тогтвортой хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлтийг дүгнэх, эдийн засгийн цогц судалгааг гаргахад чухал ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ