ОРХОН: Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаанаар 2025 онд баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц”-ыг нэмж, холбогдох тогтоолд өөрчлөлт орууллаа.
Эрдэнэ багийн Сархиа уулын энгэрт 40 га талбайд 50 МВт-ын батарей хураагуур бүхий 12.5 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна.
Жагсаалтад өөрчлөлт орсноор аймгийн ЗДТГ-аас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвд албан хүсэлт хүргүүлнэ. Үүний дагуу сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулж, ТЭЗҮ-д үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Төсөл хэрэгжихдээ төрөөс газар олголт болон төлөвлөлтийг хариуцах бөгөөд 100 хувийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил гаргах юм.
Орхон аймгийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 5-10 хувиар өсөж байгаа нь ирэх жилүүдэд өвлийн их ачааллын үед хязгаарлалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймээс эрчим хүчний нэгдсэн системийн чадлын дутагдлаас шалтгаалсан хязгаарлалтад өртөхөөс сэргийлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шаардлага тулгарч байна.
Тиймээс сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар ийнхүү тогтоолд өөрчлөлт орууллаа.
Мөн төсөл хэрэгжсэнээр дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, “ногоон” эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдэх юм.
