ДОРНОД: Ой, хээрийн түймрийн эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Баяндун, Гурванзагал, Чулуунхороот суманд туулах чадвар сайтай авто машин хүлээлгэн өглөө. Дээрх сумдад энэ өвөл их хэмжээний цас орсны улмаас хаваржилт хүндрээд байгаа бөгөөд ой, хээрийн түймрийн эрсдэл их байна.
Өчигдөр Дашбалбар сумын нутаг дахь Ямлах хэмээх газарт хээрийн түймэр гарч 130 га талбай шатжээ. Өнөөдрийн байдлаар Чойбалсан хот, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Халхгол, Матад сумын нутагт түймрийн аюулын зэрэг дунд түвшинд байгаа бол бусад нутгаар эрсдэл их буюу аюултай түвшинд хүрээд байна.
Ташрамд дурдахад, Зүүн бүсийн төв Дорнод аймаг дахь Онцгой байдлын газрын даргаар хурандаа Б.Мягмардоржийг томилсон. Тэрбээр өмнө нь ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.