ДОРНОГОВЬ: Зүүнбаяны түүхийг бичилцсэн "Баянговь" ардын театр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-14 14:43:39

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт Зүүнбаяны хөгжил, дэвшилтэй салшгүй холбоотой соёлын байгууллага болох “Баянговь” ардын театр үйл ажиллагаагаа явуулж байна.


1960-аад оны сүүлчээр нефтийн үйлдвэр хаагдсаны дараа 1969 оны зургаадугаар сард цэргийн анги нүүж ирснээр урлаг, уран сайхан, биеийн тамир, спортын үйл ажиллагаа цэргийн ангийн хүрээнд явагдах болсон бөгөөд энэ үеэс анги, бригад, дивизийн клубийн үйл ажиллагаа эхэлжээ. Цэргийн ангийн урлаг, соёлын үйл ажиллагаа сайжирсантай холбоотойгоор анги бие бүрэлдэхүүний саналыг үндэслэн Соёлын яам болон Соёл гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн дагуу 1976 оны 10 дугаар сард “Ардын театр”-ыг байгуулсан байна.


Театрын анхны даргаар Офицеруудын клубийн дарга, дэслэгч Ц.Очирбат, найруулагчаар дэслэгч Ц.Сүхбаатар, туслах найруулагчаар Ж.Эрхэмбаатар нарыг томилжээ. Энэхүү театр нь 1990 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот болон Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод зэрэг олон аймгаар аялан тоглолт хийсэн түүхтэй. 


Зүүнбаяны Соёлын төвийн үндэс суурь болсон тус театрын 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн нээлтийн ёслол 4 дүгээр сарын 18-нд Зүүнбаяны Соёлын төвд болох бөгөөд “Баянговь” ардын театрын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, ахмад уран бүтээлчдийн уулзалт, шилдэг дүр шалгаруулах тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.




Холбоотой мэдээ