Төв аймгийн хоёр сурагч “Хүрэл тулга-2026” улсын уралдаанд шагналт байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-14 17:56:15

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Хүрэл тулга-2026” өсвөрийн яруу найрагчдын улсын уралдаан 4 дүгээр сарын 11-нд боллоо. Тус уралдаанд Төв аймгаас шалгарсан 6 хүүхэд оролцож хоёр хүүхэд шагналт байрт шалгарчээ.


Тодруулбал, ахлах насны ангилалд Аргалант сумын ЕБС-ийн багш С.Даваанямын бэлтгэсэн 12а ангийн сурагч Нарангэрэлийн Баттөр “Сэрэхүй”, “Тасалгааны цэцэг” шүлгээрээ дэд байр эзэлсэн байна.


Харин дунд насны ангилалд Бүрэн сумын монгол хэл, уран зохиолын багш Д.Нямгаваагийн бэлтгэсэн 8а ангийн сурагч Баатар Энххүслэн “Хурган дээл”, “Зүүд” шүлгээрээ тусгай байрт шалгарчээ.


Аргалант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Нарангэрэлийн Баттөр “Улсын тэмцээнд анх удаа оролцлоо. Маш их сандарч байсан ч өөрийн шүлгээ бусдад уншиж, хүргэж чадсандаа их бахархаж байна. Багаасаа шүлэг, яруу найраг сонирхож ирсэн бөгөөд өөрийн ертөнцийг үгсээр илэрхийлж, бусдад таниулах хүсэл минь шүлэг бичих эхлэл болсон” хэмээн ярилаа.


12 дугаар ангийн сурагч Н.Баттөрийн 2 дугаар шатанд оролцсон "Сэрэхүй" шүлэг


Гялбах гэрлийн цаана гуйлгачин шиг нуугдсан

Ган төмөр хотын  судас нь доороо хөвөрсөн

Шилэн байшингуудын цонхонд үнэний нүүр тусахад

Шивнэх төдий амьсгал нь утаан дунд замхарна

Тансаг тэрэгний дугуйнд шавхай болон үсчсэн

Тавилан нь шоовдорлогдсон жирийн эрийн нулимс

Авлигаар тэжээгдсэн тарган түшмэдийн инээд

Архины шилний хагархай шиг зүрх зүсэм үнэн

Ирээдүйгээ бид барьцаанд тавьж тоглоод

Итгэл найдвараа ломбардын буланд орхиж

Худлын дээлээр гоёсон эрхэм хүмүүсийн цуваа

Хувь заяаны минь голыг тастаж одно

Гэр хорооллын яндангийн хав хар утаа нь

Гэгээн мөрөөдлийг минь хөө тортогт хутгаж

Хоосон ходоодны өвдөлтөөр хэмжигдэх тэр үнэнийг

Хотын төвд ассан гэрэл хэзээ ч анзаарахгүй

Гинжлэгдсэн сэтгэхүйн түр зуурын зовлон арилах цагт

Үнэний туяа үүлэн чөлөөгөөр тусах цагт

Мөчрөөс навч нь дэлгэрсэн

Мөнгөний модыг

Үндсээр нь тастаж

Үнэнээр услахын цагт

Үхмэл нийгмийн хөрснөөс шинэ нахиа ургана

Үйлийн үрийн тогоо буруу бүхнээ залгина

Холбоотой мэдээ