ДОРНОГОВЬ: Говийн бүсийн шилдгийн шилдэг хамт олноор аймгийн Нэгдсэн эмнэлэг шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарыгн 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар эмч, эмнэлгийн ажилтнуудыг алдаршуулдаг “Эрүүл энхийн үйлстэн” үйл ажиллагааг Дорноговь аймагт гурван удаа зохион байгуулж байсан бол энэ удаа хамрах хүрээг нь бүсийн хэмжээнд өргөтгөн, Өмнөговь аймагт 4 дүгээр сарын 11-нд зохион байгууллаа.
Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн 47 сумын эрүүл мэндийн байгууллагууд есөн номинацад өрсөлдсөнөөс “Говийн бүсийн шилдгийн шилдэг хамт олон” номинацад У.Энхмаа даргатай Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон шалгарчээ.
Мөн лавлагаа шатлалын шилдэг хамт олноор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, анхан шатлалын шилдэг хамт олноор Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрүүл мэндийн төв, эмнэл зүйн шилдэг багаар Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн шилдэг багаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, сувилахуйн шилдэг багаар Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн алба, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний шилдэг багаар Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, эм зүйн шилдэг багаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эм зүйн алба тус тус шалгарчээ.
“Эрүүл энхийн үйлстэн-2026” үйл ажиллагааны үеэр уламжлалт лавлагаа шатлал, эм зүй, эмнэл зүй, яаралтай түргэн тусламж, онош зүй зэрэг олон чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд, удирдлагуудын уулзалт болж, сувилахуйн эмч, мэргэжилтнүүд өөрсдийн эмчилгээ оношилгоонд нэвтрүүлсэн технологи сайн туршлагаа бусдадаа хуваалцаж, харилцан суралцсан байна.
