ДОРНОД: Тугийн сүм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотоос баруун тийш 75 км-т, Булган сумын нутагт Тугийн овоо байдаг.
Чингис хаан Зүрчидийн Алтан улстай байлдаад буцаж явахдаа Буйр нуураар дайрч, Хэрлэн голын сав дагуу одоогийн Туг уулын баруун хойхон байх тэгшхэн дэвсэг дээр буудаллаж, Туг уулын толгой дээр “Цэргийн хар сүлд”-ээ залж тахисан гэдэг. Энэ үйл явдалд зориулан хожим 1784 онд Тугийн сүмийг байгуулжээ. Харин их хааны буудалласан гэх тэгшхэн дэвсэг дээр Сэцэн хан аймгийн ноёдын чуулган болдог байв.
Архивын баримтад дурдсанаар, “Туг-Чингисийн сүм”-ийг Түгээмэл Элбэгтийн 11 дүгээр он буюу 1861 онд бүтээх ерөөл зарлиг бууж, “нордов бүтээх” тухай тусгайлан заажээ. “Нордов бүтээх” гэдэг нь төвөд хэлний “эд эрдэнэ бүтээх” гэсэн утга бөгөөд Чингис хааны хөрөг дүрийг тахихад хэрэгтэй тахилын эд хэрэгслийг өгүүлж байжээ. Тодруулбал, Чингис хааны баримал дүрийг бүтээсний дараа дээрээс нь сүмийн барилгыг барьсан байх магадлалтай гэж судлаачид үздэг. Мөн сүмийн дотор Чингисийн есөн өрлөгийн дүр бүхий баримал байсан гэдэг.
Тугийн
сүмийн тэнд гурван жижигхэн бүрд байх бөгөөд олон зүйл шувууд цугладаг, буга, согоо гүйж ирж ундаалж, ойр хавьд нь байргашин үрждэг байгалийн үзэсгэлэнт
цогцолбор байжээ.