ДОРНОД: БОЭТ-ийн 100 жилийн ой энэ онд тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-11 14:59:17

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 100 жилийн ой энэ онд тохиож байна.


Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 1138 хүн ажиллаж байгаагаас 224 нь их эмч, 312 нь сувилагч юм. БОЭТ жилээс жилд шинэ эмчилгээний арга барилыг нэвтрүүлж байна. Тухайлбал, БОЭТ-ийн эмч нар гар сарвуу бичил мэс засал, элэг, цөс, нойр булчирхай, ходоодны мэс заслын чиглэлээр БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ. Мөн ангиографийн эмч нар хоёр жилийн өмнөөс хавдрын үеийн тэжээгч судас бөглөх ажилбарыг орон нутагтаа нэвтрүүлж, тархины судасны цүлхэн, гажгууд, гүрээний артерийн нарийсал, бөглөрөл, зүрхний судасны нарийсал, бөглөрөл, бусад дотор эрхтний судас, захын судасны гажиг оношлох, нарийсал засах эмчилгээг хийж байна.


Сонирхуулахад, 1926 оны гуравдугаар сард Баянтүмэн Хан-Уулын хошууны төв Баянтүмэн буюу одоогийн Чойбалсан хотод тэр үеийн ЗХУ-ын Чита хотын цэргийн эмнэлгийн их эмч А.И.Брожок, хэлмэрч сувилагч Н.Доржсэлэнгэ нар тайж Балганы гурван өрөө дүнзэн байшинг түрээслэн 4 ортой эмнэлэг нээсэн нь Дорнод аймгийн орчин үеийн анагаахын шинжлэх ухааны анхны эмнэлгийн үүсэл болсон түүхтэй.

1927 онд ЗХУ-ын Эмнэлэг ариун цэврийн хоёр дахь экспедиц Санбэйсийн хүрээ буюу одоогийн Чойбалсан хотод эмчилгээ, ариун цэвэр, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 14451 хүнийг үзэж байв. Энэ үед 519 хүнийг шинжилгээнд хамруулснаас 35.2 хувь нь төрөөгүй эмэгтэйчүүд байсан бөгөөд нэг эмэгтэйд хоёр төрөлт ногдож, нялхсын эндэгдэл 44,6 хувьд хүрч, сүрьеэ өвчний илрэл их байжээ. 

Холбоотой мэдээ