ДОРНОД: Туршлага солилцох бэлэн байдлын үзүүлэх сургууль зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээний дагуу “Бэлэн байдлын үзүүлэх сургууль”-ийг Дорнод аймагт зохион байгуулж байна. Үзүүлэх сургуульд аймаг, нийслэлийн цэргийн штабын дарга нар болон офицерууд оролцож байна.
Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб өнгөрсөн жил ЗХЖШ-ын даргын нэрэмжит аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын бэлэн байдлын үзлэгт амжилттай шалгуулж, улсын хэмжээнд тэргүүлсэн байна. Иймээс энэ удаагийн үзүүлэх сургуулиар тус штабын зохион байгуулалт, удирдлагын баримт бичиг, сургалтын материаллаг баазтай танилцаж, цугларах, шилжүүлэх ажиллагаа болон хээрийн байрлалыг дэлгэн танилцуулж байна.
Дорнод аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд төвлөрөн байрладаг онцлогтой. Аймгийн Засаг дарга Ш.Ёл “Аймаг, орон нутгаас нутаг дэвсгэртээ байрладаг Зэвсэгт хүчний анги, салбаруудын бие бүрэлдэхүүний албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор энэ онд орон нутгийн төсвөөс 300 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн” гэж мэдэгдлээ.
Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь орон нутагтаа батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зэвсэгт хүчнийг дайчилгаагаар нөхөн хангах, цэрэг татлага, бүртгэлийн ажлыг зохион байгуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах бодлогыг сурталчлах үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, сүүлийн зургаан жилийн турш улсын хэмжээнд тэргүүлж байна.