ДОРНОД: “Хэрлэн" солир дэлхийн солир судлаачдын анхаарлыг татдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-09 09:26:30

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг солирын нэг нь “Хэрлэн" солир. Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй энэ солир нь чулуун болон төмөр солиртой адилгүй, шилэрхэг бүтэцтэй тектит солир юм.


1950 оны гуравдугаар сарын 22-ны 01.00 цагт Дорнод аймгийн Хэрлэн голоос урагш 80 км-т Үүдийн-Ам хэмээх газарт их дуу чимээ гаргаж, цэнхэр ногоон дөл үүсгэн унасныг нутгийн олон хүн харсан байдаг. Унахдаа эргэн тойрныхоо хөр зузаан цасыг хайлуулан, зургаан ханатай гэрийн буурийн чинээ газрын өвс ургамлыг шатааж, гүн өрх гарган газарт шигдсэн байна.

 

"Хэрлэн" хэмээн нэрлэсэн энэхүү солир 32.7 кг жинтэй, 2 м орчим урт, 1 м гаруй өргөн, дугуй хэлбэртэй, нимгэвтэр, доод талдаа паалантай, шил мэт гялгар, бор ногоон өнгөтэй, хөнгөн чанарын сийрэг, хатуу эрдэс чулуулаг.


Ийм шилэн солир анх Чехословак, ЗХУ, АНУ, Зааны Ясан Эрэг, Өмнөд Ази, Австралиас олдсон боловч тэдгээрийн унахыг хүн үзээгүй тул солир мөн эсэхэд эргэлзсээр байжээ. Харин "Хэрлэн" солир нь тэдгээрийн тэнгэрийн биет мөн гэдгийг баталж чадсанаараа ихээхэн ач холбогдолтой.


Мөн 1969 онд эх дэлхийд авчирсан сарны хөрсний дээж доторх нэгэн төрлийн чулуулгийн найрлага нь дээрх шилэн солируудтай адил байсан байна. Хүмүүсийг харж байхад унасан солир нь ховор, онцгой шинжтэй тул өндөр үнэ цэнтэйд тооцогддог.


Холбоотой мэдээ