ДАРХАН-УУЛ: Сагсан бөмбөг сонирхогчид ДеМаркус Казинстай нэг өдрийг өнгөрүүллээ
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын урилгаар “Сэлэнгэ бодонс” багийн төвийн тоглогч ДеМаркус Казинс болон довтлон тоглогч Жэй Скрабб нар Дархан хотноо хүрэлцэн ирээд байна.
Спорт тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Бодонс академийн үйл ажиллагаа, Дархан хоттой танилцаж байна.
Хүндэт зочдыг сагсан бөмбөгийн спорт сонирхогчид угтан авч "Дархан Юнайтед Арена"-гийн их танхимд болж буй Бодонс академийн тамирчдын сагсан бөмбөгийн тэмцээн, үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар багийн эзэн Л.Наранбаатар зочид, үзэгчдэд танилцууллаа.
Олимп,
дэлхийн аварга тамирчныг урьж хүүхэд, залуустай уулзуулж, сагсан бөмбөгийн спортыг
хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй орон нутгийн удирдлагууд, багийн эзэнд
Дарханы хүүхэд, залуусын төлөөлөл талархал илэрхийллээ.
Мөн энэ өдөр “Сэлэнгэ бодонс” багийн холбон тоглогч Б.Энхсайхан, О.Тулга нар хүрэлцэн ирж, хүүхэд, залуустай хамт нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөв.

Энэ үеэр "Дархан Юнайтед Арена"-д “Bodons сare” тэтгэлгийг өсвөрийн 10 тамирчинд гардуулж, mascot үзүүлбэр, холын зайн шидэлтийн тэмцээнийг зохион байгууллаа.

Мөн энэ өдөр “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх спортын задгай талбайд гурван насны ангиллаар 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, энэ зуны нээлтээ хийлээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит гадаа талбайн 3x3 сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд “Сэлэнгэ бодонс” багийн төвийн тоглогч ДеМаркус Казинс, довтлогч Жэй Скрабб болон багийн гишүүд урилгаар оролцож, залууст амжилт хүслээ.


