ОРХОН: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дүрэм журам бус соёл болгон төлөвшүүлнэ

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-04-05 18:46:47

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ажилтан бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлого, шийдэл, шинэ технологийг нэг дор танилцуулсан “Erdenet safety expo-2026” үзэсгэлэн, чуулга уулзалт 4 дүгээр сарын 3-ны өдөр Соёл, урлагийн цогцолборт боллоо. 


Жил бүрийн дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэдэг уламжлалын хүрээнд зохион байгуулсан уг үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрүүл мэнд, сургалт, ханган нийлүүлэлтийн байгууллагууд өргөнөөр оролцлоо.


Нээлтийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх, “Аюулгүй ажиллагаа бол хэн нэгнээс хамаарах зүйл биш, хүн бүр өөрөөсөө эхлүүлэх ёстой. Аюулгүй ажиллагаа байхгүй бол дараагийн ямар ч үйл ажиллагаа байх боломжгүй” хэмээн онцолсон юм. Тэрбээр, тус үйлдвэрт ажиллаж буй 7000 гаруй ажилтны 70 орчим хувь нь эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөр эрхэлдгийг дурдан, аюулгүй ажиллагааг дүрэм журам бус соёл болгон төлөвшүүлэх шаардлагыг тэмдэглэлээ.


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Мөнхболд, “Манай бодлогын амин сүнс нь удирдлагын манлайллыг бүх шатанд бэхжүүлж, ажилтнуудын оролцоог дадал болгоход оршиж байна” хэмээн илтгэлдээ дурдсан юм. Тэрбээр мөн, энэ удаагийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж буй ч оролцогчдын идэвх сайн, салбарын хувьд ач холбогдол бүхий үйл ажиллагаа болж байгааг онцлов.


Сүүлийн жилүүдэд хэмнэлтийн нөхцөлөөс шалтгаалан шинэ техник, технологитой танилцах боломж хязгаарлагдаж байсан бол энэхүү экспо нь салбарын байгууллагуудыг нэг дор төвлөрүүлж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтойг дурдлаа.


Түүнчлэн, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа нь орон нутгийн хэмжээнд аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв.