СЭЛЭНГЭ: Хүүхдийн уншлагыг дэмжих ажлыг жилийн турш идэвхтэй өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн номын үзэсгэлэн гаргах, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх, хүүхдэд ном бэлэглэх зэргээр тэмдэглэдэг байна.
Олон
улсын хүүхдийн номын өдрийг Данийн алдарт зохиолч, үлгэрийн мастер Ханс
Кристиан Андерсений төрсөн өдөртэй хамт тэмдэглэж иржээ. Тэрээр дэлхийн хүүхдүүдийн хайртай болсон
“Бяцхан лусын дагина”, “Цасан хатан”, “Муухай дэгдээхэй”, “Хатан хааны шинэ
хувцас” зэрэг олон алдарт үлгэрийг бичсэн бөгөөд түүний бүтээлүүд өнөөдөр ч
хүүхдийн уран зохиолын үнэт өвд тооцогдсоор байгаа юм.
Энэхүү
өдрийг 1967 онд Олон улсын хүүхдийн номын зөвлөл санаачлан анх тэмдэглэж эхэлжээ. Үүнээс хойш дэлхийн олон улс оронд жил бүр
өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон байна. Энэхүү Олон улсын хүүхдийн номын өдрөөр судлаачдын үзэж буйгаар бага наснаасаа ном
уншдаг хүүхдүүд:
-Сэтгэн бодох чадвар илүү хөгжсөн,
-Хэл ярианы баялаг өндөр,
-Төсөөлөн бодох чадвар сайтай,
-Бүтээлч сэтгэлгээ илүү хөгжсөн,
-Сурлагын амжилт илүү байдаг нь нотлогдсон байна.
Мөн
ном унших нь хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, анхаарал
төвлөрөл, ой тогтоолтыг сайжруулдаг гэж судалгаанд дурджээ.
Сэлэнгэ
аймгийн хувьд энэ өдрийг нэршлээр нь өргөн хүрээнд тэмдэглэхээс илүүтэйгээр
хүүхдийн уншлагыг дэмжих ажлыг жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж байгаагаараа
онцлог юм.
Сүүлийн жилүүдэд аймгийн төв болон сумдын хэмжээнд “Номын өдрүүд”, “Номтой өглөө” уулзалт, номын үзэсгэлэн, уралдаан тэмцээнүүд тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн үеэр сурагчид ном унших, монгол бичгээр бүтээл туурвих, илтгэл тавих зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүтээлч чадвараа сорих боломж олддог нь хүүхдийн оролцоог нэмэгдүүлдэг чухал үйл явдал юм.
Мөн
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан богино
өгүүллэгийн уралдаан, уншлагын хөтөлбөрүүдийг зохион байгуулж, номын санг
зөвхөн ном хадгалдаг газар бус, хүүхдийн хөгжлийн орчин болгоход анхаарч байна.
Ерөнхий
боловсролын сургуулиуд ч мөн адил сурагчдын дунд “хамгийн сайн уншигч”
шалгаруулах, номын хэлэлцүүлэг өрнүүлэх, үлгэрийн баатруудын дүрд хувирах зэрэг
сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдүүдийг номд дурлуулахад чухал
хувь нэмрээ оруулж байна.
Ингэснээр Сэлэнгэ аймагт хүүхдийн уншлагыг дэмжих үйл ажиллагаа зөвхөн нэг өдрөөр хязгаарлагдахгүй, харин жилийн турш тасралтгүй явагддаг нь онцлог юм. Энэ нь “Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийн гол зорилго болох хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх үйлс бодит ажил болон хэрэгжиж байгааг тодотгож байна.
Ном
бол хүүхдийн төсөөллийг тэлж, мэдлэгийг гүнзгийрүүлж, ирээдүйг нь гэрэлтүүлэх
хамгийн үнэт хөрөнгө юм.