ОРХОН: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нарны цахилгаан станц байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-02 12:04:10

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Эрдэнэ багт 12.5 МВт-ын нарны цахилгаан станц, 50 МВт-ын батарей хураагууртай станцыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөжээ.


Нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар төвийн эрчим хүчний системд доголдол гарсан үед гэр хорооллын 18 мянган хэрэглэгчийг 5 цагийн турш цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой болно.


Энэ сарын 16-нд болох аймгийн ИТХ-ын хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтад бүтээн байгуулалтын ажлыг оруулж танилцуулах бөгөөд дараа нь горимын тооцоолол, техникийн нөхцөлийг батлуулж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлана.


Энэхүү бүтээн байгуулалтад төрөөс ямар нэгэн төсөв гаргахгүй бөгөөд, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шалгарсан ААНБ бүх хөрөнгийн асуудлаа шийдэж, барилга угсралтын ажлаа эхлүүлэх юм.


Нийслэлд 200 МВт хүртэл хүчин чадалтай батарей хураагуурын станц ажиллаж байна. Орхон аймагт байгуулах энэхүү станцын давуу тал нь батарей хураагуур нь төвийн эрчим хүчнээс ямар нэгэн байдлаар цэнэг авахгүй, зөвхөн нарны хавтангаар цэнэглэхээрээ онцлогтой.


“Цэвэр агаартай хот” төслийн нэгэн чухал зорилт нь орон нутагт сэргээгдэх эрчим хүч ашиглан бие даасан цахилгаан хангамжийг бий болгох явдал юм.

Холбоотой мэдээ