Эмнести Интернэшнл: 2025 он хүний эрхийн "Их ухралтын жил" боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
t.anand@montsame.gov.mn
2026-04-22 18:16:13

Улаанбаатар, 2026 оны 4 дүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Эмнести Интернэшнл байгууллагын Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал тайланд 2025 он олон улсын дэг журам, хүний эрхийн хамгаалалт эрс доройтсон жил болсныг дурджээ. Тайланд онцгойлон тэмдэглэснээр технологи болон сошиал медиаг хүний эрхийг зөрчих хэрэглүүр болгож ашиглах явдал улам нэмэгдсэн нь хамгийн санаа зовоосон хүчин зүйлсийн нэг болжээ.


Тайланд дурдсанаар 2025 онд дэлхий даяар хүний эрхийн ноцтой зөрчил өргөн цар хүрээтэй үргэлжилж, Газын зурвас дахь Израилын үйлдсэн дайны гэмт хэрэг, Украинд үйлдэгдсэн Оросын дайны гэмт хэрэг, мөн Судан болон Мьянмар дахь зэвсэгт мөргөлдөөнүүд хамгийн олон тооны энгийн иргэдийн амь насанд хохирол учруулжээ.


Олон улсад хариуцлагын механизм буурах байдалтай тулгарч, АНУ болон ОХУ зэрэг улс Олон улсын эрүүгийн шүүхийн эрх мэдэлд саад учруулсаар байсан бол дэлхийн олон улсад эсэргүүцэл, шүүмжлэлийг дарангуйлах, хүний эрх хамгаалагчид болон сэтгүүлчдийг хавчих явдал ч нэмэгджээ. Байгаль орчны талаар тайланд засгийн газрууд чулуужсан түлшний хэрэглээг зогсоох чиглэлд хангалттай арга хэмжээ аваагүй бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хүнд үр дагаврыг уг асуудалд оролцоо багатай орнуудын иргэд үүрч байгааг онцолжээ.


Тайланд зарим эерэг өөрчлөлтийг мөн тэмдэглэжээ. Тухайлбал, Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгсөн болон Талибаны удирдагчдыг баривчлах захирамж гаргасан зэрэг нь хариуцлага тооцох чиглэлд гарсан ахиц гэж үзжээ.


Тус тайланг танилцуулах "Монголын тусгал" хурлыг Эмнести Интернэшнлийн Монгол дахь салбар 4 дүгээр сарын 21-нд Улаанбаатарт зохион байгуулав. Хурлыг нээж үг хэлсэн Монголын Эмнести Интернэшнлийн Захирал Б.Алтантуяа тайлангийн гол дүгнэлтийг тодотгон, "Хамгийн ноцтой зүйлсийн нэг бол шинэчлэл нэрийн дор технологийг иргэдийг дарлах, хянах хэрэгсэл болгон ашигласан явдал байлаа" хэмээлээ.


Хурлын бүс нутгийн хүний эрхийн хэлэлцүүлгийн панелд оролцогчид технологийн буруу хэрэглээний талаар үргэлжлүүлэн саналаа илэрхийлэв. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа, "Хиймэл оюун ухаан өөрөө угаасаа муу зүйл биш. Гэвч зохих хяналтгүйгээр энэ технологийг ялгаварлан гадуурхахад ашиглах эрсдэл бодитой оршиж байна" гэж дурдсан бол эдийн засагч Б.Лакшми Монгол Улс эрчим хүчний шилжилтийн асуудалд яаралтай анхаарах цаг нь болсон гэдгийг онцолжээ.


Монгол Улс дахь хүний эрхийн хэлэлцүүлгийн панелд оролцсон УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, "Бид өөр өөрийн үүргээ сайн гүйцэтгэх, нэгэн зэрэг хамтран ажиллах цаг нь болсон" гэж хэлсэн бол хот байгуулалтын инженер Л.Ану-Үжин "Монгол Улсад хот төлөвлөлт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын бүх түвшинд хүний эрхэд суурилсан хандлагыг институцчилэх, иргэдийн оролцоог бодитоор хангах шаардлагатай" гэдгийг дурдав.


Эмнести Интернэшнл нь 10 сая гаруй гишүүнтэй, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг бие даасан, ашгийн бус хүний эрхийн байгууллага юм.

Холбоотой мэдээ