“Такси” кино үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-13 17:05:07

Долоо дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 7-11-нд Улаанбаатар хотноо боллоо.

Тус наадмыг БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-тай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр  кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн  нэр хүндтэй наадмуудад шалгарсан арт хаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор зохион байгуулав.

Энэхүү наадам найруулагч Л.Бат-Амгалан, Ян Алардайс нарын “Гайхамшигт нислэг”, найруулагч Ш.Доржсүрэнгийн “Элэг нэгтэн” киногоор нээлтээ хийсэн юм.

 Наадамд Франц, Иран, Исланд, Колумб, Унгар, БНХАУ, Турк, Индонези болон Монголын киночид уран бүтээлээ толилуулав.

Эдгээр уран бүтээлээс хамгийн их үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээлийн саналыг хураан авч, БСШУЯ-ны нэрэмжит шагналыг өнгөрсөн жилээс уламжлал болгон гардуулж байгаа билээ.

Энэ жилийн наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг Ираны найруулагч Жафар Панахийн “Такси” уран сайхны кино хүртлээ.

Удаах байранд буюу үзэгчдийн сэтгэлд нийцсэн киногоор БНХАУ-ын найруулагч Жя Жан Көгийн “Уулс усаа мартагсад", Унгарын найруулагч  Корнель Мундрукцогийн “Цагаан бурхан”  уран сайхны кино тус тус шалгарчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ