СЭЛЭНГЭ: Хүний нөөцийн хомсдол, өвчлөлийн бүтэц өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-03-30 14:02:10

Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, тодорхой ахиц гарч байгаа ч хүний нөөцийн дутагдалтай, халдварт өвчлөл өсөлтттэй зэрэг асуудлууд тулгамдсан хэвээр байна.

Цаашид урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн эмнэлгийн чадавхыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтний тогтвор суурьшлыг дэмжих нь тус салбарын нэн тэргүүнд анхаарах асуудал юм. 


Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг тогтвортой үзүүлж, 2025 оны эхний хоёр сарын байдлаар 96 мянга гаруй иргэнд амбулаторийн үзлэг хийжээ. 

Үүний дөрөвний нэг орчим нь урьдчилан сэргийлэх үзлэг байгаа нь иргэдийн дунд эрүүл мэнддээ анхаарах хандлага нэмэгдэж буйн илрэл юм. Гэсэн хэдий ч нийт үзлэгийн талаас илүү хувь нь ямар нэг өвчний шалтгаантай байна. 


Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал мөн өндөр хэвээр байна. Тайлант хугацаанд 4.400 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 4 мянга гаруй түргэн тусламжийн дуудлага бүртгэгджээ. Энэ нь нэг талаас эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт их байгааг, нөгөө талаас эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал нэмэгдсэнийг харуулж байна.


Салбарын хүний нөөцийн хувьд аймгийн хэмжээнд эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байгаа ч сум, алслагдсан бүсэд эмчийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байна. Ялангуяа нарийн мэргэжлийн эмчийн дутагдал нь иргэдийг аймаг, нийслэл рүү шилжин эмчлүүлэхэд хүргэдэг нийтлэг шалтгаан болжээ.


Үүнчлэн тус аймгийн тухайд эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдэд эерэг ахиц ажиглагдаж байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд эхийн эндэгдэл бүртгэгдээгүй нь салбарын хувьд чухал амжилт юм. Жирэмсний эрт хяналтын хувь 88 хувьд хүрсэн нь эх барих тусламж үйлчилгээ тогтворжсоныг харуулж байна. Харин нялхсын эндэгдэл бүртгэгдсэн нь нярайн тусламж, хяналтыг сайжруулах шаардлагатайг анхааруулж байна.


Халдварт өвчний хувьд өссөн үзүүлэлттэй байгаа ба амьсгалын замын халдвар, бэлгийн замын халдварт өвчин, хүүхдийн халдварт өвчлөл нэмэгдэж байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн боловсролыг эрчимжүүлэх шаардлагатайг илтгэнэ.


Нас баралтын бүтцэд хорт хавдар, осол гэмтэл тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Энэ нь архаг өвчний эрт илрүүлэг хангалтгүй, мөн иргэдийн эрүүл зан үйл, аюулгүй байдлын дадал сул байгаатай холбоотой юм.

Холбоотой мэдээ