СЭЛЭНГЭ: Бие даалтын 7 хоногоор сурагчид аюулгүй амьдрах мэдлэгээ дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийн хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах анхан шатны сургалт зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд сурагчдад Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авран хамгаалах техник, хэрэгслийн зориулалт, ашиглалтын талаар танилцуулж, бодит орчинд практик дадлага сургалт явуулж байна.
Энэ удаа Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 1-7 дугаар ангийн нийт 500 гаруй сурагч Онцгой байдлын газрын музей, гал унтраах авто машинтай танилцаж, аюулгүй байдлын сургалтад идэвхтэй оролцов.
Мөн сурагчид гал унтраах автомашины тоног төхөөрөмжтэй ойроос танилцаж, аврагч, гал сөнөөгчдийн үүрэг, хариуцлагын талаарх ойлголттой боллоо.
