ОРХОН: Хойд бүсийн эрүүл мэндийн салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын баяр, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 50 жил, Өрхийн анагаах ухааны холбооны 25 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний чуулганыг бүсийн хэмжээнд хоёр өдөр зохион байгуулж байна.
“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний манлайлал” сэдвийн дор зохион байгуулж буй бүсийн эрдэм шинжилгээний чуулганд 50 гаруй илтгэлийг дөрвөн үндсэн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдэд хүргэж байна.
Бүсийн хэмжээнд эрдэм шинжилгээний хурлыг орон нутагтаа анх удаа зохион байгуулж буй бөгөөд энэхүү хурлаар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, шинэ мэдлэг, туршлагаа хуваалцах зорилготой юм.
Хойд бүсийн иргэдийн хувьд өндөрлөг газар байрладаг учраас иргэдийн амьдралын хэв маяг, уур амьсгалаас шалтгаалан зонхилох өвчлөлөөр зүрхний хэм алдалтын өвчлөл ихэсч, насны хувьд залуужиж буйг мэргэжлийн байгууллагын удирдлагууд энэ үеэр онцолж байна. Мөн элэг болон дотор эрхтний хавдрын тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэлээ.







