СЭЛЭНГЭ: “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-03-25 10:17:20

Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймаг “Сүрьеэгүй Сэлэнгэ-1” хөтөлбөрийг 2018 онд, “Сүрьеэгүй Сэлэнгэ-2” хөтөлбөрийг 2021 оноос аймгийн ИТХ-ын шийдвэрээр үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд уг өвчний тархалтыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд нь бодит үр дүнд хүрч байна.


Сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг ч эрт илрүүлж, бүрэн эмчлэх боломжтой өвчин юм. Гэвч хожуу оношлогдсон тохиолдолд хувь хүн төдийгүй нийгмийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг. Иймд сүрьеэгээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, тасралтгүй эмчилгээ гэсэн гурван тулгуурт арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм.


Сэлэнгэ аймаг энэ чиглэлд бодитой ахиц гаргаж байна. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сараас эхлэн хиймэл оюунд суурилсан рентген оношилгоог нэвтрүүлсэн нь эрт илрүүлгийн шинэ шат нээсэн чухал алхам болсон. 2024 онд 4453 иргэнийг хамруулж, 130 хүний уушгинд өөрчлөлт илрүүлэн, 94 хүнд цэрний шинжилгээ хийснээр сүрьеэгийн 7 шинэ тохиолдлыг илрүүлсэн байна. Харин 2025 онд хамрагдалт улам тэлж, 5979 иргэн үзлэгт хамрагдсанаас 5 шинэ тохиолдлыг илрүүлжээ. Эрт илрүүлгийн хамрагдалт хоёр жил дараалан өссөн нь энэ ажлын үр нөлөөг тодорхой харуулж байна.


Эдгээр амжилтын ард зөвхөн технологийн дэвшил бус, хүний нөөц, зохион байгуулалт, хамтын ажиллагаа нөлөөлжээ. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Мандал сумын эмнэлгүүдэд мэргэшсэн эмч, сувилагч, лаборантууд тасралтгүй ажиллаж, оношилгоо, эмчилгээг иргэдэд ойртуулсан байна. Мөн Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа эрт илрүүлэг, сорьц тээвэрлэлтийн ажлыг илүү үр дүнтэй болгожээ. Мөн Глобал сангийн дэмжлэгээр сумдын эрүүл мэндийн төвүүдэд орчин үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, оношилгооны чанар, хүртээмжийг нэмэгдүүлжээ. Шаардлагатай тохиолдолд сорьцыг ХӨСҮТ-д хүргэж баталгаажуулан, эмчилгээний хяналтыг өндөр түвшинд зохион байгуулж байна.


2024 онд 22 сум, тосгоноос нийт 95 удаагийн тээвэрлэлтээр 202 сорьц зөөвөрлөж, 8 шинэ тохиолдлыг илрүүлсэн нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоо хэрхэн уялдаа холбоотой, үр дүнтэй ажиллаж байгааг тодорхой харуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлсэн сүрьеэг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн идэвх санаачилга онцгой чухал байдаг. Энэ утгаараа Сэлэнгэ аймгийн хэрэгжүүлж буй ажлууд нь жишиг болохуйц, үр дүнтэй туршлага болж байна. Гэхдээ сүрьеэтэй тэмцэх ажил зөвхөн эмч, эмнэлгийн байгууллагын үүрэг биш юм. Иргэн бүрийн оролцоо хамгаас чухал. Хэрэв ханиалгах, халуурах, жин алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах, мөн эмчилгээгээ эхлүүлсэн бол бүрэн дуусгах нь өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн энгийн чухал алхам юм.


Холбоотой мэдээ