Баянхонгор хотноо Иргэний андгай өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-26 22:24:54

Улс тунхагласны түүхт 92 жилийн ойн өдөр буюу өнөөдөр Баянхонгор аймгийн хэмжээнд 20 суманд 16 настнууд нэгэн зэрэг андгай өргөх ёслол боллоо.

Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагч аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд цуглаж, иргэний андгай өргөж, 20 сурагч иргэний үнэмлэхээ гардаж авав. Энэ үеэр Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нийт хүүхэд залуучуудад хандаж сурч боловсроход их цаг зарцуулж, улсдаа аймаг орон нутгийнхаа нэрийг гаргахыг захисан. Мөн хүүхэд нэг бүрийн амжилт сурах нь аймаг орон нутгийн хөгжлийн нэг үндэс байхын зэрэгцээ улсдаа, улсаас дэлхийн давцанд эх орон, ард түмнийхээ нэрийг гаргах эхлэл гэдгийг онцолж, сурагчдад амжилт хүслээ. Мөн Баянхонгор сумын ИТХ-ын дарга Батбаяр хүүхэд залуучуудад ном уншихын ач холбогдлыг хэлж, мөрөөдөлтэй, мөрөөдөлдөө хүрэхийн төлөөх чинхүү хүсэл зоригтой байгаарай гэдгийг хэлэв.

Уг арга хэмжээний дараа Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид Монгол Улсын баатар Н.Жамбаа агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн өдөр аймаг, цэргийн цолтой хүчит 32 бөхийн барилдаан болж Гурванбулаг сумын уугуул, аймгийн начин Энх-Амгалан түрүүлж, Бөмбөгөр сумын уугуул, аймгийн Биеийн тамир, спортын газрын бөх, аймгийн начин Д.Туваан үзүүрлэлээ.

Сонирхуулахад, Улс тунхагласны түүхт 92 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд өчигдөр Баянхонгор хотноо сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явуулсан байна. Уг тэмцээнд аймгийн төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамрагдаж авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Цагдаагийн газрын хамт олон тэргүүн байрыг эзэлж, аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хамт удаалжээ.

                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ