“Үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд” мах цагаан идээний худалдаа нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-25 19:28:24

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын өгсөн чиглэлийн дагуу “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” аяны хүрээнд малын гаралтай түүхий эдийг хэрэглэгчдэд шууд хүргэх худалдаа явуулахаар бэлтгэж байна.

Уг үзэсгэлэн худалдааг энэ сарын 26-27-ны амралтын өдрүүдэд Дархан хотын “Залуучууд” театрын гадна талбай болон дотор зааланд гарал үүслийн гэрчилгээтэй, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан мах, цагаан идээг худалдаж борлуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдааг малчдын амьжиргааг дэмжих бол иргэдэд хямд үнэтэй мах, цагаан идээг худалдах зорилгоор зохион байгуулна. Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд гарч байгаа бүтээгдэхүүнд Мэргэжлийн Хяналтын газар зэрэг байгууллагууд хяналт тавих бол аймгийн ЗДТГ нь “Дарханы үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-той хамтран зохион байгуулж байна.

Малчид өөрийн зарж байгаа махаар өөрт хэрэгтэй барааг харилцан солилцох буюу бартерын аргаар худалдан авах боломжийг энэ удаагийн үзэсгэлэн худалдаа олгож байгаагаараа онцлог гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Энбаяр ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ