Өмнөд Америкаас өвлийн Олимпын анхны аварга төржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-02-15 14:53:11

БОРМИО, 2026 оны хоёрдугаар сарын 15 /ТАСС/. Бразилын уулын цаначин Лукас Пиньейро Бротен их туг сүлжих төрөлд түрүүлснээр Өмнөд Америк тивээс төрсөн анхны өвлийн Олимпын аварга боллоо.


Тэрбээр 2 минут 25 секундийн амжилтаар алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байрт Швейцарын тамирчин Марко Одерматт /+0,58 сек/, гуравдугаарт түүний нутаг нэгт  Лоик Мейар /+1,17 сек/ нар орсон байна.


Өмнө нь Өмнөд Америкийн тамирчид өвлийн Олимпын наадмуудаас медаль хүртэж байгаагүй юм. Бразилын тамирчид 1992 оноос хойш өвлийн Олимпын наадмуудад оролцож байгаа бөгөөд 2006 онд эмэгтэйчүүдийн сноубордингийн төрөлд Изабель Кларк Рибейро 9 дүгээр байр эзэлсэн нь бразилчуудын хувьд хамгийн өндөр амжилт юм.


Олимпын аварга, өдгөө 25 настай Пиньейро Бротен-ий аав нь норвег, ээж нь бразил үндэстэн ажээ. Тэрбээр 2023/24 оны улирал хүртэл Норвегийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд Норвегийн цанын холбооны удирдлагатай зөрчилдсөнөөр тамирчны замналаа дуусгасан байна. Гэвч хэсэг хугацааны дараа Бразилын далбаан дор тэмцээнд оролцох болжээ. Түүний хамгийн том амжилт бол 2022/23 оны улирлын дэлхийн цомын тэмцээний 4 дүгээр байр юм.


Өнөөдрийн байдлаар Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадмын медалийн хүснэгтийг Норвегийн шигшээ баг 9 алт, 3 мөнгө, 7 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Итали /6-3-9/, АНУ-ын /4-8-4/ багууд удаалж байна. 

Холбоотой мэдээ