ОРХОН: Эрдэнэт хотын анхны иргэд түүхээ ярьж дурсамж хуваалцав
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдээ хүлээн авч уулздаг бөгөөд энэ сарын 12-ны өдөр 19 иргэнтэй уулзсан байна.
Эрдэнэт хотын хөгжлийн их бүтээн байгуулалт, цэцэглэлтийн ажилд залуу насаа зориулсан ахмадууд өөрсдийн үүх түүхээ хуваалцсан байна.
Эрдэнэт хотыг барьж байгуулахад 50,000 гаруй хүн ОХУ болон Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн бөгөөд монгол ажилчдын нэгдсэн захиргаанд 20,000 гаруй нь монгол илгээлтийн эзэд байсан байна.
1976 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн Эрдэнэт хотын анхны иргэн Эрдэнэбулганы аав Цэрэндорж хүүгийнхээ мэндийг уламжилж, ойн хандивт нэгдэхээ илэрхийллээ. Төрөлх хоттойгоо нас чацуу Эрдэнэт хотын ууган иргэн Эрдэнэбулган өдгөө БНСУ-д ажиллаж, хөдөлмөрлөж яваа бөгөөд түүнийг төрөлх хотынхоо 50 жилийн ойд хүрэлцэн ирэхийг Засаг даргын зүгээс урьсан байна.
Эрдэнэт хотын анхны эмэгтэй мэс заслын эмч С.Зүмбэрэл 1990 онд Монгол Улсад анхны өрхийн эмнэлгийг тус хотод байгуулсан түүхээ, мөн мөр зэрэгцэн ажиллаж явсан нөхдийнхөө дурсамжийг хуваалцлаа.
Мөн зохиолч, яруу найрагч, Эрдэнэтийн анхдагчдын нэг И.Содномдаржаа 50 жилийн ойд зориулан гаргасан номын дээжээ, их бүтээн байгуулалтад оролцож явсан дурсамжаасаа хуваалцаж санал бодлоо илэрхийлжээ.
Эрдэнэт нь эх орны өнцөг булан бүрээс ирсэн мянга, мянган залуусын залуу нас, хүсэл мөрөөдөл, амьдралын түүх шингэсэн хот юм.








