Г.Мөнхбаатар: Онцгой байдлын газраас ‘Эрсдэлгүй Сэлэнгийнхэн’ уриалгыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-12 10:41:30

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын  12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ бүсийн төвд шинэ салбар ангийг ашиглалтад оруулан, улсдаа манлайлагч алба хаагчдыг бэлтгэж, улс, аймгийн хөрөнгө оруулалтыг татан хэрэгжүүлсэн амжилтаараа аймгийн ОБГ тэргүүний агентлагаар шалгарлаа.


Шагналаа гардан авах үеэр аймгийн ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Г.Мөнхбаатартай ярилцлаа.

  

-Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе. Өнгөрсөн он Онцгой байдлын алба хаагчдын хувьд хүнд, сорилттой жил байлаа. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцана уу?

-Сэлэнгэ аймгийнхаа иргэдийн аюулгүй байдлын төлөө маш их ажлыг зохион байгуулсан. Үүгээрээ ч 2025 оныг хохирол багатай даван тууллаа. Мөн хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа.


2025 он онцлог жил болж өнгөрлөө. Монгол Улсын хэмжээнд томоохон ой, хээрийн түймрүүд их гарч, тэдгээрийн зарим нь Сэлэнгэ аймагт тохиолдсон нь ойрын 10 жилд гараагүй их том түймрүүд байсан. 

 

-Сэлэнгэ аймагт хэд хэдэн ой, хээрийн түймэр гарсан. Хүн хүч ихээр дайчлагдсан уу, түймрийг унтраахад хэр хугацаа шаардсан бэ?

-Сэлэнгэ аймагт 100 гаруй ой, хээрийн түймэр бүртгэгдэж, бүгдэд нь тактикийн арга хэмжээ авч ажилласан. Үүнд 13 аймаг, нийслэлээс хүн хүч, техник хэрэгсэл ирсэн бөгөөд ОБЕГ-ын дэргэдэх 4 анги, салбарууд ч оролцсон. Нийтдээ 2000 гаруй алба хаагч, 500 гаруй техник хэрэгсэлтэйгээр томоохон түймрүүдийг унтраахад хүчээ нэгтгэсэн. 


Түймрийг унтраахад ОБЕГ, аймгийн ОБГ, аймаг, сумдын холбогдох албан тушаалтнууд хамтран ажилласны үр дүнд байгалийн давагдашгүй хүчин зүйлсийг даван гарч чадсан. 


Түймрийг унтраахад 4 сарын хугацаа шаардаж, өргөн хэмжээний ажиллагаа болсон. Энэ хугацаанд нэг ч хүн гэмтэж бэртээгүй бөгөөд бид тактик, арга зүйн хувьд оновчтой шийдвэрүүдийг гарган ажилласан.


-Алба хаагчид хэд хоног үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Манай алба хаагчдын хувьд ажилласан хоногууд ерөнхийдөө ойролцоо байсан. Хамгийн их нь түймэрт 96 хоног үүрэг гүйцэтгэсэн бол бусад нь 83, 70 гэх мэт хоногоор үүрэг гүйцэтгэж байлаа. 


-Хүнд хүчир албанд тангараг өргөн ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдын хөдөлмөрийг үнэлж, тэдэнд урам хайрлах ажлуудыг их хийсэн байна. Энэ талаар?

-Түймэрт ажилласан офицер, ахлагч бүрэлдэхүүн энэ жил Засгийн газрын ордонд орж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө төрийн дээд одон, медаль гардаж авсан.


Мөн онцгой байдлын тэргүүний алба хаагчдын шагналыг манай хүмүүс хүртсэн. Бидний энэ хүч хөдөлмөрийг улс болон Ерөнхий газраас өндрөөр үнэлж, алба хаагчдыг шагнаж урамшуулсанд талархаж байна. 


Үүний нэг илрэл бол Сэлэнгэ аймгийн удирдлагууд биднийг байгууллагаар нь шагнаж урамшууллаа. Та бүхэндээ маш их баярлалаа.


-Энэ онд танай хамт олон ямар зорилт дэвшүүлсэн бэ?

-2026 онд “Эрсдэлгүй Сэлэнгийнхэн” уриалгыг аймгийн Онцгой байдлын газраас гаргаж, эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах зорилт тавин ажиллаж байна.


Холбоотой мэдээ