ОРХОН: Хүүхэд, залуусын и-спортоор хичээллэх сонирхол нэмэгджээ
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Эрдэнэт-50” и-спортын аварга шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Соёл урлагийн төв, Спорт цогцолбор, “Yes Mongolia” Орхон аймаг дахь ТББ-тай хамтран и-спортын хоёр төрөлд зохион байгуулсан бөгөөд 53 багийн 300 гаруй тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс “WTS-Чандмань” баг, ЕМС-Эрдэнэт үйлдвэрийн шигшээ баг тэргүүллээ.
“The Mongolz” баг өнгөрсөн онд и-спортоор дэлхийн цомын аварга болсноос хойш хүүхэд, залуучууд илүү идэвхтэй хичээллэх болсон байна.
“The MongolZ” багийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай нь Эрдэнэт хотын иргэн байсан нь залуусын урам зоригийг нэмэгдүүлж, тэдэнд эерэг нөлөө үзүүлсэн гэж ярьж байна.
Ийнхүү Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан энэхүү тэмцээн нь орон нутгийн залуусын оролцоог өргөжүүлж, и-спортын хөгжлийг дэмжсэн онцлох үйл явдал болжээ.






