БАЯНХОНГОР: Хүүхдийн хөгжлийг эрт анхаарах нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн оролцоо, дэмжлэгийг сайжруулах зорилгоор “Эрт анхааръя” өдөрлөгийг зохион байгуулж, асран хамгаалагчдад мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Хүүхдийг ивээх сан болон Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг хамгаалах газар хамтран тус өдөрлөгийг зохион байгууллаа.
Аймгийн ЗДТГын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, “Хүүхэд бүр тэгш эрхтэй, суралцах, хөгжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой байх ёстой. Тэдэнд ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээ, бодит дэмжлэгийг бий болгох нь нэн чухал” гэдгийг онцлов.
"Эрт анхааръя” өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн оролцоо, хөгжил, авьяас чадварыг дэмжих, тэдний дуу хоолойг сонсох, нийгмийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилготой.
Аймгийн хэмжээнд 15 хүртэлх настай 346, 16-18 настай 29 нийт 375 тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд байна.