Өмнөговь аймгийн цэргийн штаб улсын хэмжээнд тэргүүн байр эзэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэргийн штабын дарга нарт зориулсан заах арга зүйн сургалтыг энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын үеэр цэргийн штабуудын 2025 оны үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, ажлын амжилтаараа тэргүүлсэн штабуудад шагнал гардуулсан юм.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб 2025 онд орон нутагт батлан хамгаалах хууль, тогтоомжийг сурталчлан таниулж, хүний эрхийг дээдлэн, эх оронч хүмүүжил олгох ажлыг үр дүнтэй хэрэгжүүлжээ. Мөн дайчилгааны төлөвлөлт, цэргийн бүртгэлийг чанаржуулж, орон нутгийн хамгаалалтын сургалтын чанарыг сайжруулах зорилтоо хангалттай биелүүлсэн байна.
Энэхүү
үйл ажлын үр дүнгээрээ 21 аймаг, 9
дүүргийн хэмжээнд тэргүүн байрыг эзэлжээ.
Мөн Батлан хамгаалахын сайд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг төлөөлөн 2025 онд хэрэгжүүлсэн ажил үйлчилгээнд амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний анги, салбарын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ.