Цагдаагийн ажилтнуудад хариуцлага тооцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-13 12:00:29

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд амарч, зугаалж явахдаа нэгнийнхээ амь насыг хөнөөсөн гэмт хэрэг гарсантай холбогдуулан цагдаагийн даргын зөвлөл хуралдаж Цагдаагийн ажилтнуудад хариуцлага тооцов.

Уг явдалд прокурорын байгууллагын хяналт дор ЦЕГ-ын тусгай субьектыг мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага тооцсон байна. 

 Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Батдэлгэрт цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар торгож,  албан тушаалыг нь бууруулах, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батзаяад мөн цалингийн хэмжээг  зургаан сарын турш 20 хувиар торгож албан тушаал бууруулах шийтгэл оноожээ.   Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлд зааснаар цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнийг  төрийн албанд  ажиллах эрхийг  нэг жил хүртлэх хугацаагаар хасч, ажлаас нь халсан бол, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батсуурийн цалингийн хэмжээг зургаан сарын турш  20 хувиар бууруулж, албан тушаалын байрыг өөрчлөх,тус газрын бичиг хэргийн ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Б.Өлзийбуянг мөн  төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жилээр хязгаарласан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ