СЭЛЭНГЭ: Шинээр барих сургууль, цэцэрлэгийн чанарт анхаарахыг салбарын сайдаас хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын
гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр
Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Тэрбээр аймгийн удирдлагууд
болон аймгийн боловсролын байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ УИХ, Засгийн
газраас боловсролын салбарт хэрэгжүүлж
байгаа бодлого чиглэлийг танилцууллаа.
Мөн Боловсролын яамнаас
мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого барин ажиллана гэдгээ илэрхийллээ.
Боловсролын сайд Сэлэнгэ аймаг орон нутагтаа
мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаад
талархал илэрхийлээд, цаашид дэмжин
ажиллана гэдгээ онцолсон.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Шинээр
барих сургууль, цэцэрлэгийн чанар стандартад сайтар анхаарал хандуулахыг
салбарын сайдаас хүслээ. Учир нь жил бүр сургууль, цэцэрлэгийн чанар муутай
барьсан барилгыг засварлах нь орон нутгийн төсөвт хүндрэл учруулдаг” хэмээв.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн сургууль,
цэцэрлэгийн барилгыг түргэн хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар цаашид
анхаарал хандуулж өгөхийг салбарын сайдаас хүслээ.
Түүнчлэн багш нар аж ахуйн ажлаас үүдэн үндсэн
ажилдаа төвлөрөн ажиллаж чадахгүй байдал үүсдэг талаар ч дурдлаа.
Мөн Шаамар сум дахь Политехник коллежийг шинэчлэн
засаж, хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг болгох талаар салбарын
сайдтай харилцан санал солилцлоо.
Улаанбаатар