Эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу УИХ-ын бусад байнгын хороодоос тус үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд ирүүлсэн санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тэдгээрээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураан шийдвэрлэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ундармаа төслийг танилцуулахдаа хэлэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуухдаа нэгэнт шийдэгдсэн зарим асуудлыг эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дахин тусгаж байгаагийн учрыг тодрууллаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, улсын төсөвт тусгагдсан учир “Насны хишиг”, Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх асуудлуудыг үндсэн чиглэлд тусгасан болохыг дэлгэрэнгүй тайлбарлав.
Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын 30 томьёоллоор санал хурааж шийдвэрлээд, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн юм. Ингэснээр дээрх хуулийн төсөл Засгийн газарт буцаж, дахин боловсруулан өргөн мэдүүлэхээр болж байна.
Н.Гантуяа