Дарханд “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эрхлэн оюутан, сурагчдыг гэмт хэрэгт өртөж хохирох, эрх ашиг нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” эргүүл ажиллуулах журмыг боловсруулж Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулж олон нийт, оюутнуудын саналыг авчээ.
Энэ тухай аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн ээлжит хурлын үеэр танилцууллаа. Энэхүү “Оюутан цагдаа” эргүүлийн ажиллах журам болон урамшууллын төслийг ГХУСАЗЗ-ийн хурлаар хоёр дахь удаагаа хэлэлцэж хэрэгжүүлж эхлэхээр боллоо. “Оюутан-цагдаа” эргүүлд нэг удаа дөрвөн оюутан ажиллах эргүүл нь сургуулийн хичээлийн болон дотуур байрны орчмоор эргүүл, шалгалтыг хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийг өгч ажиллах юм. Оюутны холбоо нь “Оюутан цагдаа” эргүүлийг зохион байгуулсан тухай ажлын тайланг улирал тутам гаргаж, Цагдаагийн газартай хамтарч аймгийн ГХУСАЗЗ-д хагас, бүтэн жилээр тайлагнаснаар уг ажилд бодит хувь нэмэр оруулсан сургуулийн захирал, нийгмийн ажилтан, оюутан сурагчдыг аймгийн Оюутны холбоо, Цагдаагийн газрын санал, дүгнэлтийг үндэслэж шагнаж урамшуулж байхаар тогтлоо.
Мөн тус хуралд “Аз жаргалын эрэлд” ТББ оны эхний гурван улиралд хийсэн ажлын тайлангаа тавьж цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Эднийх архины эсрэг үйл ажиллагаа явуулснаар одоогийн байдлаар нийт 150 гаруй хүнийг архины хамаарлаас гарахад нь тусалсан байна. Мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Монголын А.А” нийгэмлэгийн гурван салбар тус аймгийн Шарын гол, Хонгор сумын Салхит баг, Дархан суманд ажилладаг. Мөн “Шинэ амьдралын эхлэл” ТББ-аас архины хамааралтай хүмүүсийг эмчилж эдгэрүүлэх зорилгоор нөхөрлөл байгуулж уулзалт ярилцлагыг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол зохион байгуулж хэвшжээ.
Б.Норовсамбуу