“Ногоон гэрэл-Цагаан шугам 2016” тэмцээнд Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-12 13:21:08

Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам 2016” тэмцээнийг энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар суманд зохион байгууллаа. 

Уг арга хэмжээний хүрээнд ЕБ-ын сургуулиуд өөрийн сургууль дээрээ зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх самбар, үзүүлэн, санамж сэрэмжлүүлгийг хэвлүүлэн байрлуулсан байлаа. Мөн сурагч нэг бүрт санамж, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөхийн зэрэгцээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар 3-5 дугаар ангийн сурагчдад сургалт явуулжээ. Түүнчлэн 10 нас хүрээгүй хүүхдийг эцэг эх, харгалзан дэмжигчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар 3-5 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүдэд санамж зөвлөгөөг өгч, баталгаа гаргуулан ажилласан байна. Энэхүү “Ногоон гэрэл-Цагаан шугам 2016” тэмцээнийг 5 төрлөөр зохион байгуулж аймгийн төвийн сургуулиудын багш, сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөл 400 гаруй иргэдийг хамрууллаа.

Тус тэмцээнд оролцсон багуудаас Сүхбаатар сумын 12 жилийн 1 дүгээр сургууль нэгдүгээр байрт, 12 жилийн 4 дүгээр сургууль хоёрдугаар дугаар байрт, 12 жилийн 5 дугаар сургууль 3 дугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Энэхүү тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн Газар, Улаан Загалмайн хороо хамтран зохион байгуулсан байна. “Ногоон гэрэл-Цагаан шугам 2016”  тэмцээн нь сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг юм.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ