“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-06 10:09:51

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Дэлхийн спортын наадам” БНХАУ-ын Чэндү хотноо энэ сарын 7-17-нд  болно.


12 дахь удаагийн энэхүү наадамд хүч сорих Монгол Улсын шигшээ баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга хүлээн авч Монгол Улсын төрийн далбааг гардуулж, амжилт хүслээ.  Мөн тус хорооны дарга Э.Билэгт баг тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.


 Энэ удаагийн наадамд дэлхийн 114 улсын 4000 тамирчин өрсөлдөх юм. 


Энэхүү 44 жилийн түүхтэй “Дэлхийн спортын наадам” нь жендерийн тэгш оролцоог хамгийн сайн ханган зохион байгуулдаг томоохон наадмын нэг юм. Олимпын бус төрөл хэдий ч дэлхийд ранкаар тэргүүлэгч тамирчид өрсөлддөг чансаа өндөр уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорих ажээ.


Анх 1981 онд АНУ-д зохион байгуулж байсан тус наадамд монголын баг оролцохоор БНХАУ-ын Чэндү хотыг зорилоо.


 

 

Холбоотой мэдээ