ДУНДГОВЬ: Ээжтэйгээ хамт мартагдашгүй дурсамж бүтээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбараас
уламжлалт “Ээжийгээ баярлуулж яваарай” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион
байгууллаа.
Хүн бүр ээжийгээ баярлуулж, ээжтэйгээ зургаа татуулж,
хамт хооллож, хамт бүжиглэж цэнгэх нь ховор хийгээд өнгөрсөн хойно нь ухаарч,
харамсах нь цөөнгүй. Тиймээс тус ТББ-аас хүүхдүүдэд нь ээжийгээ баярлуулах
боломжийг ийнхүү олгожээ.
Оролцогчдын хамгийн өндөр настай нь 95 настай, Сайнцагаан
сумын иргэн Б.Долгор, хамгийн залуу нь 9 настай Ц.Болоржин охин байлаа. Б.Долгор
буурай насаараа мал маллаж, өөрийн хүүхдүүдийг өсгөхийн зэрэгцээ 4 хүүхэд эх
барьж авсан төдийгүй, уртын дуучин хүн юм. Тэрбээр хүндэтгэлийн үйл ажиллагаанд
уртын дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, залуучуудад ерөөл өргөн, ээжийгээ
баярлуулсан ийм хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байхыг хүссэн
юм.
“Ээжийгээ баярлуулж яваарай” хүндэтгэлийн үйл ажиллагаанд
30 хүүхэд ээжтэйгээ, эгчтэйгээ оролцож, ээждээ цэцгийн баглаа барьж, зургаа татуулж,
амьд хөгжмийн тоглолт үзэж, хамт дуулж, бүжиглэсэн бол аймгийн Эмэгтэйчүүдийн
холбооноос ээжүүдэд гарын бэлэг гардуулж, азтануудыг шалгаруулжээ.
Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Энхжаргал,
Соёлын тэргүүний ажилтан, хуучир хөгжимчин Ж.Цэнгэлмаа, Соёлын тэргүүний
ажилтан, уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, шанз хөгжимчин
Ц.Чулуунцэцэг, соёлын өв тээгч Ё.Пагмасүрэн нар оролцсон байна.
Үйл ажиллагаанд оролцсон ээжүүд “Хүндэтгэлтэй, маш сайхан үйл ажиллагаа болж, сэтгэл өндөр байна” хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцсан бол хүүхдүүд нь “энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээждээ үргэлж баярлаж, ээжийгээ үргэлж хайрлаж явдгаа хэлж, ээжийгээ тэвэрч, хайрлаж, хамт дуулж, бүжиглэх боломж олгосон хүндэтгэлтэй цэнгүүн боллоо, мартагдашгүй, сайхан дурсамж бүтээж чадлаа” хэмээн тодотгосон юм.

















