АРХАНГАЙ: Эрт илрүүлгийн үзлэгээр 128 хүүхэд харааны өөрчлөлттэй гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын хүрээнд Архангай аймагт Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг хамруулан нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх эрт илрүүлэг үзлэгийг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлээд байна.
Үзлэгт Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн 1778 суралцагч нүд, шүд, зүрхний үзлэгт хамрагдах юм.
Зүрхний эрт илрүүлэг үзлэгийг Эрүүл мэндийн газар, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.
Зүрхний эмгэг илрүүлэх эрт илрүүлэгт 1778 суралцагч хамрагдахаас энэ сарын 21-ний байдлаар 1666 буюу 93.5 хувь нь зүрхний цахилгаан бичлэгийн үзлэгт хамрагджээ. Хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар уншиж дүгнэн 374 буюу 22.5 хувийг өөрчлөлттэй илрүүлсэн байна.
Өөрчлөлттэй илэрсэн хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн дарга, зүрх судасны Т.Болормаа эмчтэй хамтран 2 дахь шатны үзлэгийг 2025 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулжээ.
Зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй илэрсэн 374 суралцагчдаас 289 суралцагчдыг зүрхний эхо үзлэгт хамруулаад байна. Үүнээс зүрхний олдмол болон төрөлхийн зүрхний эмгэгтэй илэрсэн хүүхдүүдийг дараагийн шатны эмчилгээнд хамруулахаар төлөвлөжээ.
Нүдний эрт илрүүлэг үзлэгт 5 дугаар сарын 21-ний байдлаар 1778 суралцагчаас 805 буюу 45.2 хувь нь харааны үзлэгт хамрагдаж, 128 хүүхэд харааны өөрчлөлттэй илэрсэн байна. Өөрчлөлттэй илэрсэн хүүхдүүдийн мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авсан байна.
Шүдний эрт илрүүлэг үзлэгт 1778 суралцагчийн 890 хүүхэд буюу 50 хувь нь үзлэгтээ хамрагдсан байна. Үүнээс 520 буюу 58 хувь нь шүдний эмгэгтэй байна.
Холбоотой мэдээ

