АРХАНГАЙ: Сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд эрт илрүүлгийг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-06 11:28:07

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид суралцаж буй 1700 гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж, эмчилж, зөвлөхөөр бэлтгэл ажлыг хангаад байна.


Мөн 24/3 шүд угаах аяныг эхлүүлж, хүүхэд бүр 24 цагт 3 удаа 3 минутын турш шүдээ угаах зөв дадалд суралцана.


Энэ ажлын хүрээнд аймгийн бүх ЕБС-иудын эмч, нийгмийн ажилтнуудад 6 настай хүүхдийн хараа шалгах хэрэглэгдэхүүнийг хэрэглэх, хүүхдийн нүдний эрт илрүүлгийг зохион байгуулах талаар чадавхжуулах хоёр өдрийн сургалтыг ЭМГ-аас зохион байгууллаа.


ЕБС-ийн сургуулиудын эмч, нийгмийн ажилтнууд, анги даасан багш нар шүд, нүдний эмгэг илрүүлэх үзлэгийг тусгай хэрэглэгдэхүүний тусламжтайгаар хийх ба өөрчлөлттэй илэрсэн хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад шилжүүлнэ.


Хүүхдийн зүрхний эмгэгийн илрүүлэг үзлэгт хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг хийж, зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэх ба өөрчлөлттэй илэрсэн тохиолдолд гэрээ байгуулсан гуравдагч шатлалын эмчийн үзлэгт Архангай аймагт хамрагдах боломжтой юм.


Эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд шүдний үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулсан шүдний эмнэлгүүд ЕБС-иуд дээр үзлэгийг зохион байгуулж, эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг хоёр дахь үзлэгт хамруулан эмчлэн эрүүлжүүлэх юм.


Одоогийн байдлаар Архангай аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулан, хүүхдийн шүдний үзлэгийг эхлүүлээд байна.  

Холбоотой мэдээ